Мэдээ мэдээлэл

Зээлийн батлан даалтын сан Монголын хөрөнгийн биржтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Зээлийн батлан даалтын сан болон Монголын хөрөнгийн бирж нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн гаргах өрийн хэрэгсэл буюу бондод батлан даалт гаргах эрх зүйн орчин бүрдүүлэх, үнэт цаасны зах зээлд батлан даалттай шинэ бүтээгдэхүүн бий болгох талаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох чиглэлээр санамж бичиг байгууллаа. Энэхүү үйл явдлыг тохиолдуулан Зээлийн батлан даалтын сангийн гүйцэтгэх захирал Б.Батбаяр Монголын хөрөнгийн биржийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн үнэт цаасны арилжааг нээх цанг цохилоо. 

Сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээлд хувьцааны арилжаа идэвхжиж, шинээр болон нэмж хувьцаа гаргах үйл ажиллагаа амжилттай явагдаж байна. Хөрөнгийн зах зээлийн цаашдын тогтвортой хөгжлийг хангахын тулд хувьцаанаас гадна хөрөнгийн зах зээлийн үндсэн бүтээгдэхүүнүүдийн нэг болох өрийн хэрэгслийн арилжааг идэвхжүүлэх, өрийн хэрэгсэл гаргах орчныг дэмжих зайлшгүй шаардлагатай юм. Хөрөнгийн зах зээлд өрийн хэрэгсэл гаргах нь банкны зээлээс хямдаар санхүүжилт татах, хөрөнгө оруулагчдын хувьд хадгаламжийн хүүгээс өндөр хувиар мөнгөө өсгөх боломжийг олгосноор бүх оролцогчдод харилцан ашигтай байдаг. 

Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар компанийн нийтэд санал болгон гаргах өрийн хэрэгслийн үнийн дүн нь тухайн компанийн өөрийн хөрөнгийн хэмжээнээс илүүгүй байх шаардлага тавигддаг бөгөөд энэхүү санамж бичиг байгуулагдсанаар хуулийн холбогдох шаардлагыг хангахгүй байгаа бизнес эрхлэгчид Зээлийн батлан даалтын сангаас олгох батлан даалтын тусламжтайгаар өөрт шаардлагатай санхүүжилтийг бүрэн татах боломж бүрдэх юм. 

Шилэн данс
Анкет татах хэсэг
Байгаль орчин нийгэм жендерийн тайлан
Харилцагч байгууллага нэвтрэх